Монголын байт харвааны холбооны мастеруудын баг өнөөдөр Тайвань Улсыг зорьж, тус улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн мастеруудын наадмын байт харвааны тэмцээнд оролцохоор хүлгийн жолоог заллаа. Монголын мастер харваачид 2009 оноос хойш Дэлхийн мастеруудын наадамд тогтмол амжилттай оролцож ирсэн ч энэ удаагийн тэмцээнд урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаагаараа онцлог юм. Багийн бүрэлдэхүүнд 27 тамирчин, 5 дасгалжуулагч, 1 багийн эмч, 3 албаны хүн багтсан ба тамирчдын дунд Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа болон Хүндэт ерөнхийлөгч Б.Ганзориг, Хяналтын зөвлөлийн дарга Ж.Занаа, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагвасүрэн, Мастеруудын зөвлөлийн гишүүн Ш.Бямбасүрэн зэрэг өмнө нь үндэсний шигшээ багт байсан болон Азийн болон Пан-Америкийн Мастеруудын наадамд удаа дараа амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчирч байсан шилдэг харваачид байгаа билээ. Тамирчид маань 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд, 30+, 40+, 50+, 60+, 70+ насны ангиллаар рекурв болон компаундын төрөлд харвана. Эх орноо төлөөлөн Дэлхийн мастеруудын наадамд оролцож буй нийт баг, тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэж, харваа нь мэргэн, нум нь хүчтэй, сум нь цэцтэй байж, олон олон медалийн эзэд төрөн гарахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье! Аян замдаа сайн яваад ирээрэй!
© 2025 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК